МОНГОЛ
Улаанбаатарын орон сууцны үнийн индекс жилийн дүнгээр 9.3%-иар өсөв
MontsameӨчигдөр1 мин унших
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, Улаанбаатар хотын орон сууцны үнийн индекс 4-р сард жилийн дүнгээр 9.3%, сарын дүнгээр 1.2%-иар тус тус өслөө. Энэхүү өсөлтөд хуучин орон сууцны үнэ 10%-иар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн бол шинэ орон сууцны үнэ 7.4%-иар өссөн байна.
Шинэ орон сууцны нэг метр квадратын дундаж үнэ 4.79 сая төгрөгт хүрсэн бөгөөд хамгийн өндөр үнэтэй Сүхбаатар дүүрэгт 5.75 сая төгрөгөөр үнэлэгджээ. Харин хуучин орон сууцны нэг метр квадратын дундаж үнэ 5 сая төгрөгт хүрч, мөн Сүхбаатар дүүрэгт 5.89 сая төгрөгөөр хамгийн өндөр үнэтэй байв.
Сонирхолтой нь, Чингэлтэй дүүрэгт шинэ орон сууцны үнэ 12.3%-иар буурсан нь "Баруун 4 зам" орчимд шинэ нийлүүлэлт орж ирсэнтэй холбоотой гэж тайлбарлажээ. Түрээсийн зах зээлийн хувьд нэг өрөө байрны сарын дундаж төлбөр 1.27 сая төгрөгт хүрсэн байна.
Эх сурвалж: montsame.mn
#OrangeNews#Mongolia#Монгол#ҮлХөдлөхХөрөнгө